Байдаг л нэг блог... : Байсан, бас байгаагүй

Байсан, бас байгаагүй

"Надад байгаа..." гэсэн сулхан дуу харанхуйд замхрав. Орон сууцны гадаах саравчны сандал дээрээс боссон хүү нөгөөгийнхөө ингэж хэлэхийг сонсоод буцаад суух нь сүүтэгнэн харагдана. Дараа нь асаагуурын гал харанхуйд сүүмэлзэж, нэг залуухан хөвгүүний царайг гэрэлтүүлэв. Үнэндээ гэрэлтсэн гэж хэлэхэд хэцүү, зүгээр л галын гэрэлд харанхуйгаас ялгаран үзэгдэв. Учир нь түүний нүд ийм залуугаараа гал нь бөхчихсөн мэт сүүмэлзэж, энэ хүнд, зөөлөн харанхуй түүний нүднээс л хөвөн гарч ирсэн мэт... гуниг нэвчжээ.

Зуны улирал учир хүүхдүүд тоглоомын талбай дээр шуугилдаж, байрны цаад тал дахь зам дээгүүр машинууд давхилдаж, айлуудын өнгө өнгийн хөшигний цаанаас ихэвчлэн шар, зарим нь хөхөвтөр туяатай, зарим нь улбар шар гэрлүүд зурваслан тусах боловч түүний хувьд бүх юм үхэл шиг гүн харанхуй, анир чимээгүй... яагаад ч юм дургүй хүргэм бүлээхэн санагдаж байв.

Анир чимээгүйг ахиад үл мэдэг сарниаж :

- Зиа, Зоригоо гуай, чамд яахаараа тамхи явж байдаг билээ?

Гэж өнөө сүүмгэр гунигт нүдний эзэн дуугарав. Түүний хоолой анир чимээгүйг сарниавч, харанхуйг улам өтгөрүүлэх шиг... Үнэндээ бол ингэж асуух шаардлага байсангүй, өөрт нь авчирсан гэдгийг тэр мэдэж байлаа. Харин хөгжилтэй хэлэх гэж хичээсэн ч тэр нь бараан мэдрэмжийнх нь дороос өнгийж чадсангүй бололтой.

- Чамд авсан юм аа...

Зоригоо гэдэг хүү найзынх нь гэрт уй гашуу тохиолдсоныг мэдээд яаран ирсэн нь энэ. Түүний зан авир, зуршил бүрийг нь дэндүү сайн мэднэ, сая өөрөөс нь ингэж ойлгомжтой асуулт асуухдаа найз нь инээвхийлмэр аядсаныг, тэр нь гашуудлын дууг инээмсэглэн дуулж буй дуучин шиг хиймэл харагдсаныг ч мэдэж байлаа. Нүүр нь харагдахааргүй харанхуй боловч, тийн өрөвдөлтэйгээр инээмсэглэж буй дүр зураг нь түүнд төсөөлөгдөж, сэтгэл рүү нь, нүдээрээ харснаас ч илүү гүнд хүрчээ. Найзынх нь зүрх урагдах мэт болж байгааг бодоход бараг л өөрт нь тэр өвдөлт мэдрэгдэх шиг...

Сэтгэлийг нь засаад хэлчих ганц үг ч орж ирэхгүй байгаа нь гайхмаар. Уг нь зүгээр л "Миний найз сэтгэлээ барь", "Жам юм чинь яая гэх вэ дээ..." гэх мэтийн үгс хэлж чадна л даа. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд тэр заримдаа хүнд ямар нэгэн үг хэлэх шаардлагагүй, зүгээр л хань болоод байж байх нь хамгийн хэрэгтэй үе бас байдгийг мэдэрч байлаа.

Гунигт сүүмгэр нүдний эзэн ахиад харанхуйг улам лавшруулан сүүрс алдаад ярьж эхлэв :

- Би ер нь их хүйтэн сэтгэлтэй хүн юм шиг байна аа. Аав минь бурхан болчихоод байхад, миний нүднээс дусал нулимс ч гарсангүй шд.

- Яалаа гэж дээ, гэнэт тийм юм сонсоод шоконд орсон байлгүй. Эсвэл чиний сэтгэлийн хаттай чинь л тэр байхгүй юу. Угаасаа ээжид чинь хэцүү байхад чи бас уйлж унжаад байвал ямар олиг байх вэ дээ?

Гунигт сүүмгэр нүдний эзэн хэсэг чимээгүй болов. Тэгээд :

- Би ер нь аав гэж бараг ярьдаггүй байсан, тийм ээ?

Найз нь чимээгүйхэн толгой дохив.

- Ер нь ааваасаа жаахан хөндий өсчихсөн л дөө... Намайг найман настай байхад Солонгос руу ажиллахаар яваад, арван дөрөвтэй байхад маань л ирсэн болохоор ч тэгдэг юм уу... Ядаж духыг минь үнэрлэсэн нь хүртэл цөөхөн, магтаж байсан нь цөөхөн, ойр зуурын хэдэн үг солихоос надтай юм ярих нь ч бага, нэг тийм... нэг л хүйтэн юм шиг ханддаг байсан юм аа, надад. Арай жаахан томроод ирэхээрээ тийм байхад нь гомдох сэтгэл төрж эхлээд л, ааваас нэг л хөндий болчихсон. Бүр сүүлдээ би төрсөн хүү нь биш ч юм болов уу? гэж ч бодох шиг. Надтай бараг дуугарахгүй, хамт өнгөрөөх цаг бараг байдаггүй, заримдаа бүр танихгүй хүн аятай л санагдаж байгаа юм чинь...

Аав намайг хэзээ хамгийн сүүлд үнссэн гээч? Солонгосоос эргэж ирэхдээ л... Тэрнээс хойш зургаан жил өнгөрөхөд...

Бас уржнан хонхны баяр дээр ирснийх нь төлөө хичнээн ч баярлав даа...

Гэхдээ, яагаад ч юм намайг гэсэн хайр дотроос нь мэдрэгдээд байх шиг санагддаг байсан юм аа. Ааваасаа яагаад надад тэгж хөндий хандаад байдгийг нь асуумаар л байсан, зүрхэлдэггүй байсан юм аа... Амжаагүй байтал ингээд л яваад өгчихлөө дөө...

Ингэж ярьж дуусаад сууж байсан цэцэрлэгээр нь гуниг хөглөрч, нулимс амтагдтал санаа алдлаа... Түүний сэтгэлд хичнээн том хоосон орон зай үлдчихээ вэ? Өөрийнх нь төлөө байсан боловч авч чадаагүй хайр, байж болох байсан боловч бодитой болж чадаагүй гайхамшигт дурсамжууд, аав, хүү хоёрын хамтдаа өнгөрөөсөн аз жаргалтай мөчүүдийн тийм юурсамжууд...

Тэр бүрхэг, дулаан шөнөөс зургаан жилийн өмнө.

Дөчин нас дөхөж яваа дунд зэргийн нуруутай, махлаг, бадриун эр эмнэлгийн хонгилоор шал руу гөлрөн алхална. Найдвар хамгийн сүүлд мөхдөг гэдэг үг худлаа бололтой. Түүний найдвар нь алга болж, бие нь, хуйлран эргэлдэх далайн шуурга мэт бодлуудтайгаа хамт хаягдчихжээ... Дөнгөж сая аймшигт мэдээ сонссон. Тэр мэдээ бүх мөрөөдлийг нь үгүй хийж, өнөөг хүртэл хөлс, нулимсаа урсгаж олж авсан бүхий л зүйлсийг нь үнэ цэнэгүй болгож орхих шиг... Ероолгүй харанхуй ангал, ирмэг дээр нь зогсож үлдсэн хайртай хүмүүсийнх нь уйлаан хоёр хамгийн түрүүнд төсөөлөгдөх шиг болсон...

Итгэмээргүй ч юм шиг... Гэхдээ одоо цаашид яах тухайгаа бодох гэж өөрийгөө хүчилж байгаагаа бодохоор тэр мэдээнд итгэсэн байж таарна. Тархины хорт хавдар гэсэн онош. Хүндэрсэн хойно нь илрүүлсэн учраас дөрөв таван жилээс илүү амьдрах найдвар байхгүй гэж хэлж болно... болно... Харь газар хүнд хүчир ажил хийдэг байхдаа ядарснаас болоод л толгой нь өвдөж байна гэж бодоод тоохгүй яваад байж, гэтэл...

Үхэл түүнд ийм ойрхон. Тэгж бодохоос авч буй амьсгал бүр нь хязгааргүй үнэтэйг мэдэрч, цаг хугацаа биш амьдралыг нь тэжээгч болсон цус нь урсаж байгаа мэт хайран санагдаж, зогсоохын тулд юу ч хийгээд нэмэргүйдээ дотор нь давчидна.

Ойр дотныхоо хэнд ч дуулгахгүй гэж эрс шийдсэн. Эхнэрээ бэлэвсрүүлж үлдээхгүйн тулд, арай бага зовоохын тулд эртхэн салчихъя гэж бодож үзсэн ч зориг нь хүрсэнгүй. Гэхдээ өөр нэг дотор харанхуйлуулсан шийдвэр... "Намайг удахгүй яваад өгөхөөр муу хүү минь санаж бэтгэрээд, зөндөө шанална. Тэгж өөртөө улам дасгаж, хүүдээ зовлон бэлдээд яах вэ? Хайраа нууж л явахаас... Үүнийг л хийж чадах ёстой..." Ийм бодол зүрхэнд нь улам гүн зоогдох мэс шиг...

Түүний гаргасан хязгааргүй их тэвчээр талаар болоогүй, хүү нь түүнийг энэ ертөнцөөс явахад нь уйлсангүй. Гэхдээ хүү нь өгч чадаагүй, авч чадаагүй, эцэг, хүү хоёрын сэтгэлд л нуугдаад үлдсэн, байсан, бас байгаагүй хайрын төлөө насаараа харуусч явах болно...




start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Эрдэнэбаатарын Бүжинлхам

Чиний энэ их мэдрэмжинд заримдаа би шүүрс алдан, яаж яаж ингэж мэдэрч бичдэг байна аа, гэж гайхширан бодох юм... Би чамайг богино өгүүллэгийн нэрт зохиолч болчихсон байхыг хэзээ ч үгүйсгэхгүй. Гаднаасаа харахад нэг ертөнц, ярилцахад бас нэг ертөнц, гүй ээ тэгээд бичих нь бүр тэс ондоо ертөнц шиг л байх юмаа.

Удаж удаж, оруулдаг чиний бичлэгүүд нээрээ л хугацаагаа даган чанартай байдаг шүү..Хүн гэгч сайныг авах тусмаа илүү даварч эхэлдэг шиг, би ч бас чиний сайхан өгүүллэгүүдийг унших тусмаа дахин, дахин илүү ихийг хүлээж байна..

ZEO ^-^

баярлалаа андаа өгүүллэг болгоноос чинь ухаарал авдаг шүү

Simple

Баярлалаа, найзууддаа. Бөөөөөөн урам :).

13

миний гоё бичнэ ч гэж юу байхав дээ симплээ хэхэ..гэхдээ баярлалаа..

гунигтай ч гэсэн гоё бичлэг..

zochin (зочин)

sanaa aldav....

zochin (зочин)

yoooo chi nere uneher sain zohiolch yumaa

Simple

Цэнхэр шувуу : гоё л бичсэн байсан юм даа... хэхэ.
Зочин : Зохиолч болох ч арай болоогүй ээ :). Баярлалаааа...

Бөби

хэх

talst (зочин)

chi nere yaj ingej setgel hudulgutul bichdeg bnaaa. bahdah bishrew. heleh ch ug alga. daraagiin bichlegiig chin tesen yadan huleej baiy

Морфи (зочин)

гайхалтай гоё чадаж байна болж байна өөр юу ч гэхэв дээ..Амжилтыг араасаа дагуулчдаг хүүхэд шүү :)

Зеро

Заримдаа сонсонгуут уйлмаар зүйл дээр ганц ч нулимс дусахгүй байх үе байдаг шүү нээрээ..
Сайхан бичжээ..

Цагаан Цахлай

yoo uilchlaa..hehe goy ymaa..

Сансрын нисгэгч

Хорт хавдар гэдэг сонин шүү, манайхан үргэлж хүндэрсэн хойно нь мэддэг, өөрт нь тийм том зүйл бий болчихсон байхад мэдэхгүй тээгээд л яваад байдаг. Монголын эмч нар гэхдээ ухаантай шүү, ядаж л шууд ямар шатанд байгааг нь өөрт нь хэлдэггүй, хужаа эмч нар бол шууд хэлнэ. Гэхдээ өвчин гэдэг заавал муугаар дуусахгүй ч байж болно шүү дээ, бүр хамгийн хүнд өвчинг ч эдгэрнэ гэсэн найдвараар эмчилж болдогийг би ойлгосон.

Чиний бичлэгүүд үнэхээр ухаарал хайралсан, амьдралыг ойлгуулсан байдаг шүү. Эрүүл явна гэдэг хамгийн жаргал. Хайртай хүмүүсээсээ холдож Солонгост очиж ажил хийгээд монголдоо мөнгөтэй сайхан амьдарна гэдэг нэг л тийм санагддаг. Яг залуу насаа мөрийнд тавиад покер тоголж байгаа юм шиг. заза ингээд яриад байвал дуусахгүй байх, сайхан зохиомж байнаа

Lacrimosa

хөөрхөн

...

"Дажгүй" гуниг...

...

"Дажгүй" гуниг...

Миний Анхны сэтгэгдэл (зочин)

Байсан байсаар байгаад одсон бол илүү амтагдах байж дээ.../Амьдрал-Амт-Амтагдах-Гашуун-Чихэрлэг/

сора (зочин)

эхлээд уншжаагаад бусдаасаа гоё биш юм шиг байна гэж бодож байтал сүүл рүүгээ ингэж дуусна гэсэн таамаглал яагаад ч юм байсангүй нэг мэдэхэд нулимс цийлэгнэцэн байнашд яджаахад дуу сонсож байгаад уншсан болохоор

сора (зочин)

дахиад нэмж хийхийг бодоорой уншихыг тэсэн ядан хүлээж байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)