Байдаг л нэг блог... : Үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцэх...

Үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцэх...

"Ийм юм гэж байхгүй ээ" ч гэдэг юм уу, эсвэл "Үнэхээр л ингэдэг!" гэж та нарт хэлэх гээд байгаа юм биш ээ, гэхдээ зүгээр л нэг түүхийг та нартай хуваалцмаар санагдлаа.

Намайг ЕБС-ийн 5-аас 9-р ангид суралцаж байхад анги дааж авсан, манай ангийн сонгоны хичээл болох математикийн хичээлийг зааж байсан багшийн маань тухай. 

Багш маань хүүхдүүдийг зодож занчиж, харааж загнах нь байтугай чангахан дуугаар зандарч байхыг нь ч бараг хараагүй. Багш хүнд баймааргүй аядуу зөөлөн дуутай хүн байж билээ. Гэхдээ л бид бүгдээрээ л түүнээс "айдаг" байж билээ. Бүр бусад багш нарын хичээл дээр шуугилдаж, үймүүлж байгаад ангийнхаа багшийг ороод гарах хооронд жигтэйхэн томоотой царайлдгаас маань болж "Та нар ийм муухай хүн ялгадаг. Танай багш чинь багш, бусад нь багш биш юм уу?" гэх мэтийн гомдлын ч юм шиг, заримдаа бүр манай багшид далдхан атаарсан ч юм шиг аястай сонсогддог байсан үгсийг бараг багш болгон л бидэнд хэлдэг байсан сан...

Гэхдээ л манай анги сургуулийн янз бүрийн арга хэмжээнд дандаа л эхний эгнээнд байдаг, хамгийн сахилга баттай ангиудын нэг байсан. Гадуур янз бүрийн л юм яригддаг байхад манай ангид архи амсдаг, тамхи татдаг хүүхэд байгаагүй л юм даг. 9-р анги төгсөх үеэр улсын шалгалт авахад ангийн 30 орчим хүүхдийн 20 орчим нь 100% A авч, үлдсэн хэд нь 90-н хэдэн хувьтай A аваад, B авсан 4-н хүүхэд, C авсан ганц хоёр хүүхэд нь муу авчихсан, шалгалтандаа тэнцээгүй хүүхэд аятай л байсныг сайн санаж байна. Өмнөх төгсгөсөн ангиудынх нь хүүхдүүд өнөө математикийн гүнзгийрүүлсэн ангид сурахын гол зорилго болсон, хүмүүсийн шуурдаг МУИС-ын Эдийн засаг, СЭЗ-д хуваагдаж ороод л, янз бүрийн тэтгэлэг авч ийш тийшээ яваад л таардаг байж. Тэгээд үе үеийн шавь нар нь хүүхдүүдээ, дүү нараа авчирч багшийнхаа ангид оруулдаг байлаа...

Тийм аядуу зөөлөн хүн яаж учраа мэдэхгүй баахан хүүхдүүдийг тийм сахилга баттай, тийм лаг байлгана, тийм лаг болгоно гэдэг... Түүнд туршлага, чин сэтгэл, өндөр ухамсраас гадна нэг тийм, бараг л "увдис" гэмээр зүйл байдаг юм байна даа гэж одоо бодогддог... Эргээд бодоход тэр хүн бид нартай зүгээр л нэг ярьж, хэрэггүй үг хэлж байсан нь үгүй, тэр 5-н жилд бидний дэргэд амнаас нь унасан үг бүхэн цаанаа бодолтой, учиртай байж дээ гэмээр ч юм шиг санагддаг юм... Эсвэл зүгээр л нэг ярих нь хүртэл хүүхдүүдэд тэгж нөлөөлөхөөр тийм мундаг хүн ч юм уу...

Багш маань биднийг хамгийн отгон шавь нар маань, ядаж та нарыгаа төгсгөчихөөд тэтгэвэртээ сууна аа гэдэг байж билээ. Биднийг төгсгөхийн тулд тэтгэвэрт гарах наснаасаа 2 жил илүү ажиллах шаардлагатай байсан хэрэг л дээ. Тэртэй тэргүй мэргэжилдээ амьдралаа зориулсан, туршлагын уурхай болсон буурлууд тухайн салбартаа ажиллаж л байдаг, ихэнхидээ тэр нь ч залуу үедээ хэрэгтэй байдаг хойно.

Гэхдээ л сургуулийн захиргаа багшийг маань 2 жил илүү ажиллахыг нь зөвшөөрөөгүй юм. Миний санахын, манай сургуульд нэг 70-н нас лав гарсан болов уу гэмээр өвгөн буурал багш ажиллаж л байсан даа, уг нь.

Үр дүнд нь юу болсон бэ гэж үү? 9-р анги төгсөх улсын шалгалтыг тийм амжилттай өгч байсан хүүхдүүд, 11-р ангиа төгсөөд зүгээр л МУИС-т тэнцсэн нь л гэхэд гарын таван хуруунд багтдаг сурагтай. Харин би ээжтэйгээ ярилцаад өөр сургууль руу шилжихээр болсон юм. Угаасаа тэр багшаараа ном заалгах гэж л тэр сургуульд орсон байсан хэрэг шүү дээ. Тэр үед хамт сурч байсан найзууд маань үүнийг уншаад гомдож магадгүй л юм, гэхдээ үнээн, шилжиж явснаасаа хойш жилийн дараа ч бил үү, 2 жилийн дараа ч бил үү уулзахад тэр үеийн сайхан хүмүүжил нь нэг л алга болоод байгаа юм шиг сэтгэгдэл төрж билээ.

Мэдээж, тэр бол хүүхдүүдийн өөрсдөөс нь, эцэг эх, гэр бүлийнхнээс нь хамаарах асуудал л даа. Гэхдээ л багш маань ахиад 2 жил л ажиллачихсан бол арай өөр байх байсан болов уу гэж бодогддог. Тэгээд л 17, 18 хүртлээ зөв төлөвшчихсөн хүүхдүүд чинь цаашаагаа алзахгүй шүү дээ, бараг л...

Ийм юм болсны шалтгаан нь, багш маань хүсч байсан шигээ отгон шавь нарыгаа арван жилээ төгстөл нь ном зааж, амьдралын замд нь үдэж өгч чадаагүйн шалтгаан нь юу вэ гэж үү?

Юу гэвэл, багш маань их зарчимч, тэгээд хэнд ч гэсэн хэлэх хэрэгтэй үгийг шууд л хэлчихдэг, хүний ая талыг харж, тал засна гэдгийг мэддэггүй, шуугилдсан олон хүүхдүүдтэй ажилладаг хүнд байх нь ховор аядуу зөөлөн хоолойтой шигээ бас эмэгтэй хүнд баймгүй үнэн, хурц үгтэй, түүнийгээ хаана ч хэлж чадах зоригтой хүн байж. Тийм болоод л зарим хүмүүст таалагддаггүй байсан юм.

Миний л мэдэхийн багшид маань ямар нэг одон тэмдэг, гавьяа шагнал байдаггүй ээ. Гэхдээ тэр нэг даргы гарын үсэгтэй цаас, дээл хувцасны энгэр цоолдог төмөр мэт нь түүнд сонин биш байх. Тэр хүний ачаар зөв хүмүүжил олж, өөртөө болон бусдад тусыг бүтээх эрдэм чадлынхаа эхлэлийг сурсан олон шавь нарынх нь сэтгэлд байгаа, миний энд бичсэн шиг сайхан дурсамж, тэдний ажил, амжилт л багшид маань хамгийн үнэтэй гэдэгт итгэлтэй байна. :)

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
khanso (зочин)

gaihaltai ym aa

bi harin namaig iim shn hun bolgon tolovshuulsen hun ni etseg eh emee gurav maani

khanso (зочин)

gaihaltai ym aa

bi harin namaig iim shn hun bolgon tolovshuulsen hun ni etseg eh emee gurav maani

Simple

@ Khan-So : Мэдээээээж тэгэлгүй л яах вэ, ээж, гэр бүлийнхэн... Би бол сайн найз нөхөд, хайртай охиноо, боссыгоо, зарим танилуудыг, мартахааргүй сэтгэгдэл үлдээсэн танихгүй хүмүүсийг хүртэл намайг ийм хүн болгосон хүмүүс гэдэгт нэрлэнэ ээ, төлөв хэлбэрээ олсоооооор л явна шүү дээ, би л лав :)

Khan-So

aan hehe tegelgui yahav hehe :D

shn gerel gegee tsatsarsan gaihaltai bichleg

хорон санаат geek (зочин)

Bichlegend like gesnes Khanso uuriguu reklamdaad garaa yuda gess:P haha

Хармогү

сайхан бичлэг.. Багш чинь энийг уншдаг бол тэр энгэр цоолох одон тэмдэгнээс ч илүү баярлах байсандаа.. Би багшилж байхдаа алдсан юм зөндөө байдаг. Хэтэрхий зөөлөн, дундаа орчихсон... Эргээд бодоход шүү дээ... Гэхдээ шавь нар яагаад ч юм надад баярлалаа л гээд байдаг. Хаяж явсанд гомдсон л гэдэг.. Тэгэхэд тийм их гавьятай хүн бол өөрөө жаргалтай байгаа даа. Би дахиад хэзээ нэг цагт заавал багш болноо. Тэр үед ийм сайн багш болмоор байна ккк.. НЭэх гоё бичлэг

Delgerbayar

Yamar goy bichleg ve. Hosgui erdemt bagsh nar, hovorhon uchirah burhad. Manai shavi namaig ingej bichsen bol bi yostoi heden odor uilah baisan baihaa. Ih goy bichsen baina.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)