Байдаг л нэг блог... : ...

...

 ...

Хамгийн сүүлчийн намрын, хамгийн сүүлчийн үдэш. Тэнгэр бүрхэж, борооны өмнөх дулаахан, тунгалаг агаарт гудамжинд тоглож буй хүүхдүүдийн бүдэгхэн чимээ, бас намрын үзэсгэлэнт шаргал өнгө, анхилам үнэр шингээстэй...

Тэр өмнөө цэвэрхэн хуудас цаас дэлгэж, гартаа үзэг бариад, нээлттэй цонхны тавцанг гараараа тулж зогсоно. Цонхных нь доорхи хуучин цэцэрлэг, амьдарч байгаа хотынх нь гудамж талбайнуудыг, хүмүүсийг, дуртай шүлгүүдийг нь хүртэл, ер нь л орчлонг тэр чигээр нь бүрхсэн энэ, сүүлчийн намрын үзэсгэлэнт уйтгар гунигт ховсдуулж, баримал болон хувирсан мэт хөдөлгөөнгүй... Гүнээс гүн бодолд дарагджээ. Үхлээс ч гүнзгий, үхэл түүнийг авахаар ирэхээс нь өмнө энэ тухайгаа дуустал нь бодож амжихгүй нь бололтой...

Шөнө уртассаар байгаа намар оройн цаг боловч, өнөөдөр арай л эрт харанхуй нөмрөөд байх шиг... Тэгээд бороо зөөлөн шивэрч, дараа нь тасралтгүй цутгаж эхэллээ... Хэсэгхэн зуур мөчиртөө хоргодож үлдсэн, бас түрүүлж унаад газрыг бүрхсэн навчис норж, энд тэнд харанхуй тэнгэр, гудамжны гэрлийг тольдсон шалбаагууд тогтлоо...

Хөгшин царс модны мөчрөөс нэгэн шинэхэн, нов ногоон навч тасарч уналаа. Алгуурхан, алгуурхан эргэлдэн доошилсоор газарт унахад ертөнц тэр аяараа нам гүмд автах шиг болжээ. Өөрийнхөө амьдралыг бүхлээр нь харчих шиг болов. Тэгээд өнөөх л янзаараа хөдлөлгүй зогссоор байсан түүний нүүрэнд хав харанхуй, зөөлхөн гашуудал нэвт шингэсэн мэт инээмсэглэл тодорлоо... Нүдийг нь нулимс бүрхжээ.

Тэр “Би бууж өглөө, тийм үгс байхгүй юм байна...” гэж шивнээд өмнө нь дэлгээстэй байсан цэвэрхэн цаасыг тэр хэвээр нь өрөөнийхөө голд байгаа ширээн дээр аваачиж тавилаа. Үзгээ ч бас дэргэд нь тавив. Суут бүтээлээ бичиж дуусгасан зохиолч шиг л... Навчаар хучигдсан цэцэрлэг шиг, түүний өрөө нь баахан юм эрээчээд, эцэст нь бачимдан, базаж хаясан цаасаар дүүрчээ...

Дараа нь тэр ширээн дээрх хайрцагтай янжуураас авч асаагаад, бас пянз тоглуулагчдаа нэг пянз хийгээд, тоглуулж эхлэхэд Миасковскыйн “Төгөлдөр хуур, велончилийн 2-р сонат” эгшиглэв... Хэдэн жилийн өмнө, зүгээр л гудамжаар сэлгүүцэж яваад энэ аялгууг анх олж сонссон сон. Тэгээд аялгуу гарч буй байшинг олж, цонхоор нь шагайхад буурал үстэй өвгөн багш төгөлдөр хуур тоглож, гэрэлтсэн тунгалаг харцтай жаахан охин велончиль тоглож байсан. Тэгээд “Та хоёрын тоглож байгаа чинь ямар ая вэ?” гэж асуучихаад эргээд алхахад жаахан охин түүн рүү гайхан ширтэж, харин өвгөн багш нүдээрээ нэг л нууцлаг инээмсэглэж, сэтгэл ханамжтай байгаа мэт үлдэж билээ...

Одоо тэр өвгөн хаана байгаа бол? Магадгүй, хөөрхөн нүдтэй жаахан шавиа үүрд орхиод хаа нэг тийшээ явчихсан болов уу? Шавь нь харин том охин болчихсон, энэ аязыг хааны ордны хамгийн авьяаслаг төгөлдөр хуурчтай хамт тоглоод ч балчир ахуйдаа, буурал сахалтай багштайгаа тоглож байсан үеээс нь илүү сэтгэл нь хөдлөхгүй гэдгийг ойлгоод, гэрэлтсэн, тунгалаг харцанд нь жаахан гуниг шингэчихсэн яваа байх...

Цонхоор тусах гудамжны гэрэл, бороо шаагих чимээн дунд шүдэнзний шархийн асах чимээ, велончиль болон төгөлдөр хуур хөгжмийн аялгуу, янжуурын утаа... зовхийг нь нойтон оргиулах бүлээхэн нулимс... Тэр өрөөнийхөө ханыг налж зогсоод, цонхоор гудамжны гэрэлд гялтганан харагдах борооны дуслууд, тодорч харагдах нойтон, шаргал, улаан навчисыг харсаар... Энэ бүхэн түүний хувьд сүүлчийнх... Дараа нь тэр энэ бүхнийг үүрд орхиод, огт мэдэхгүй тийм нэг газар луу явна. Тэнд тэр энэ ертөнцөд өнгөрөөсөн жилүүдээс юуг нь ч санахгүй. Эсвэл зүгээр л байхгүй болоод, дотно хайртай хүмүүс, магадгүй нэрийг нь ч мэдэхгүй зарим хүмүүст дурсамж болоод үлдэнэ....

“Сүүлчийнх болохоороо юм бүхэн ийм үзэсгэлэнтэй байгаа юм болов уу, эсвэл эцсийн удаа гэдгийг нь мэдчихээр ийм үзэсгэлэнтэй гэдгийг нь анх удаа анзаардаг юм болов уу?... Мэдээж хоёр дахь нь л байлгүй яахав дээ, хүүхэд байхад жимсний ундаатай аяганы ёроолд үлдсэн хэдэн дусал нь хамгийн амттай санагддаг байсан шүү дээ... Нээрээ л тийм...”

Тэр дотроо ингэж бодоод ахиад л инээмсэглэв... Сахиусан тэнгэрийн далавчнаас унаж, агаарт хөвөн эргэлдэх мэт тийм хөнгөхөн гунигтай, гэрэлд гялтганах борооны дусал шиг тийм тунгалаг инээмсэглэл... Бас зузаан цасанд дарагдсан өвлийн ой шиг амгалан... Учир нь түүнд яарч адгах зүйл энд үлдсэнгүй... Тэр бороонд дуртай, тэгээд бороо түүнийг үдэж өгч байх шиг... Нулимстай инээмсэглэл тодруулсан хэвээрээ “Уйлаад яахав дээ...” гэж өөртөө, эсвэл энд уйлж үлдэх хүмүүст, магадгүй бороонд ч юм уу шивнэлээ...

Сэтгэлд нь үлдсэн өчүүхэн жаахан харамсал, яагаад ч биелэгдэхгүй нэг хүсэл нь гэвэл... Тэр эцэг эхийгээ, жаахан байхдаа түүний хийсэн болгоныг дуурайдаг байсан эрэгтэй дүүгээ, магадгүй яг одоо өөрт нь зориулж, хэзээ ч уншиж чадахгүй захиаг нь бичээд сууж байгаа тэр охиныг араас нь битгий гашуудан зовоосой л гэж хүсч байлаа...

II

Маргааш өдөр нь өнөөх хуучин цэцэрлэгийн дэргэд зам дээр дөрвөн морь хөллөсөн хар сүйх тэрэг зогсож байв. Өрөөнөөс нь харин өвгөн хүний гэм хийсэн хүн шиг намдуухан, харамсангуй өнгөөр ярих нь бүдэгхэн сонсогдоно. Хөөрхий эцэг нь хагас ухаантай болсон юм шиг харцаар юуг ч онож ширтэлгүй гөлийн сууж, харин их сургуулийн дотуур байрны манаач өвгөн түүнд юу болсон талаар ярьж өгч байжээ. Түрүүхэн нь өөрийгөө хүүгийнх нь найз гэсэн залуу хөвгүүн сүүлийн үед яагаад ч юм эцэж сульдаад, өрөөнөөсөө гаралгүй өдөржин түгжиж суудаг болсон, түүнийг хүнд өвчин туссан юм болов уу гэж санаа зовдог байсан тухайгаа, бас чадварлаг сайн оюутан байсан тухай нь ярьж, гашуудал илэрхийлээд гарсан.

Манаач өвгөн харин их юм ярилгүй :

- Өчигдөр орой надад эцсийн үг, гэрээслэлээ өрөөнийхөө голд байдаг дугуй ширээн дээр тавина шүү гэж хэлчихээд ороход нь би энэ хүү надаар даажигнаад байгаа шүү ухаантай юм байх даа л гэж бодоод өнгөрсөн... Ийм юм болно гэж хэн мэдэх вэ дээ... Харин өглөө бид нарыг орж ирэхэд энэ ширээн дээр юу ч бичээгүй хоосон цаас л байсан...

гэж гэм хийсэн хүн шиг аядуухан яриад, хаалга зөөлөн хааж гарч одлоо. Эцэг нь харин найзынх нь ч, өвгөний яриаг ч сонссон эсэх нь мэдэгдэхгүй, таг хөшиж, гөлийсөн чигээрээ, базаж хаясан цааснууд дунд суусаар үлдэв... Бүрий болохын алдад эцэг нь хөрсөн цогцос амь орох мэт алгуурхан хөдөлсөөр шалан дээр хөглөрсөн цаасыг нэг нэгээр нь түүж эхлэхэд түүний нулимс базаж хаясан цааснуудыг норгож байлаа....

2012.11.08

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Хуучны анд (зочин)

Ойрд мэдрэхийг хүссэн мэдрэмжийг хүргэсэнд баярлалаа. Сэтгэл таашаалтай сайхан байна. Удахгүй роман гаргахыг хүлээж байя

ZEO ^-^

unende zalhu hureed unshsangui dara unshnaa blogiinhoo toosiig arichsand thnxs geshh haha

Атаархуу Азаа

байж байжйигаал нэг цөм бичлээд ээ

Зочин

:D

Simple

Хуучны анд : Хэн бэ хө? Ерөөл бат оршиг ээ... хэхэ
Зео : Хэхэ за зүгээо зүгээр л гэе даа...
Атаархуу азаа : Баярлалаа л гэдэг байх даа? :)
Зочин : ♥

エンフシ

таалагдав

Хариука

нэрийг чинь пүрэв гэдиймуу батэрдэнэ ингэдиймуу гээд хөндлөнтөөд байхгуйюу:р

Autumn (зочин)

neeeeh goy nandin sanagdlaa

Өлзий (зочин)

Үгийн баялаг муутай хүнд илэрхийлэх үг олдсонгүээ хэхэ

Уншигч (зочин)

Санаандгүй явж байгаад гайхалтай сайхан өгүүллэг олоод уншчихлаа!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)