Байдаг л нэг блог... : Хамгийн ″cool″ хүүхдүүдэд хандаж хэлэх нь /Ачболд/

"Баагий чи одоо рок н ролл сонс " энэ тэр гээд хөөрхөн хөөрхөн дуу дуулаад байдаг нэг залуу байсан даа? Байсан ч юу байхав, байдаг даа? Сүүлд Hi-Fi-аас гаргасан "Underground Sessions" цомогт "120-н мянгатын домог" гэдэг дуу нь орсон байсан? Одоо санах хүмүүс нь санаж байгаа байх. Мэдэхгүй хүмүүст нь яахав нэг тийм рок н ролл, индепендент маягийн залуу бий л гэж тайлбарлая даа. Түүний hi5-аас нь энэ нийтлэлийг уншиж байсан юм. Та нартай хуваалцъя гэж бодлоо. Зохиогч, эх сурвалжаа дурдсан, тэгээд ч өөрөө олон хүн уншаасай гэж хүссэн биз гэж бодоод энд хуулаад тавьчихъя даа.

Манай нэг найз (Зулаа гээд нэрлэчихье) надруу "Hi5"-аар "message" явуулжээ: "Hi yu bna. da lemons-iin shine album gartsiishdee!!! nice bolson bna lee. www.gogo... end bga. chi neg check out bolooroi. okey tur bye :)"

Би хариу бичлээ: "Hey, what's up? Yoy, bi ene Lemons-iin album-iig hichneen ih huleev ee. Link yavuulsand thanks. Yag odoo sonsoj baina. Unen cool yum aa. Za za, daraa bichiye. See ya!"

Энэ захианаас харвал Зулаа бид хоёр англиар ярьдаг, та нар шиг "cool" хүмүүс ажээ. "Nice," "check out," "what’s up," "see ya" гээд л хэнээс ч дутахааргүй мэдэж байгаа биз? Би англи хэлийг гоё хэл гэж боддог. Англи хэлээр хар, бор, цагаан, олон янзын хүмүүстэй ойлголцож болдог нь сайхан. Хорин зургаан үсгээрээ бичээгүй түүх, хөндөөгүй сэдэв үгүй энэ хэл бол зуун давхар номын сангийн үнэмлэх л гэсэн үг.

Гэтэл намайг англи хэлийг магтаж суух үеээр нэгэн хар бодол миний толгойд нууцаар нэвтэрч, миний өөрийн бодол болон хувирчээ.

Тэр бол "монгол хэл англи хэлээс дорой" гэсэн бодол.

Дээрх өгүүлбэрийг дахиад нэг уншдаа. Тийм бодолгүй байсан бол би яалаа гэж "link yavuulsand thanks" гэхэв дээ! Энэ бодол Сүхбаатарын талбай дээр шалдан хүн зогсож байх шиг тод содон тусахгүй ч бидний "cool" үеийнхний бичигдээгүй номлол болсон гэмээр. Жаахан хүүхэд өмдөндөө баачихаад юу ч болоогүй мэт сууж байдаг шиг бид энэ бодлыг толгой дотроо агуулчихаад тэрийгээ ч мэдэхгүй сууна. Энэ санааг ямар хар шидтэн нь анх сэдэж бидний тархийг угаав аа! Хар шидтэн гэхдээ социализмын үеийн Орос ах нарын арга барилаар бидний тархийг угаасангүй. "Монгол хэл муу хэл, англи хэлийг гүйцэхгүй" гэж хэн ч зурагтаар хэлсэнгүй. "Монголоор ярих хэрэггүй, зөвхөн англиар ярь" гэж хэн ч сонин дээр бичсэнгүй. Үгүй ээ, хар шидтэн хамаагүй зальтай аргыг хэрэглэжээ.

Хар шидтэн эхлээд англи хэлтэй үндэстнүүд (Англи Америк) Монголчуудаас илүү баян, илүү хүчтэй, илүү ухаантай гэж бидэнд ойлгуулжээ. Ойлгуулахдаа Монголд ирсэн Америкийн амтат чихэр, амьд хөгжим; америк кинон дээр гардаг зуун давхар байшин, зугаа цэнгэлтэй амьдралаар ойлгуулсан байна. Энэ бүхэн Америкийг бидэнд гоё харагдуулж, Америк гоё харагдах тусам Монгол маань дорой харагдана. Гоё Америкийг дагаад Америкчуудын англи хэл Монголчуудын монгол хэлээс илүү юм шиг санагдана.

Англи хэлгүй хүнийг ажил авахгүй, англи хэлгүй хүн соёлгүй бүдүүлэг гэж хар шидтэн бидний чихэнд бас шивнэнэ. "Соёл боловсролтой" хүмүүс англиар холиж ярих учир тэдний зиндаанд дөхөж очихын тулд чи ч гэсэн англиар ярих хэрэгтэй гэж шидтэн биднийг ятгана. Эцэст нь Монголын нийгэм тэр чигээрээ шидтэний үгэнд итгэжээ. Айлын хоол амттай гэдэг шиг англи хэл бидэнд амттай санагдаж Зулаа бид хоёрын өнөөдөр "today," сайн уу "hi," баяртай "баая," баярлалаа "thanks" болжээ. Хажууд нь монгол хэлний нэр хүнд унаж коммунистууд ч устгаж дийлээгүй монгол найрагчдын бүтээлүүд тоосондоо дарагдаж, харин TOEFL, IELTS-ийн сонирхолгүй номнуудыг хүмүүс өвөртлөөд унтаж байна.

Яриандаа англи үг хэрэглэдэг хоёр янзын хүмүүс байдаг. Нэгд нь Залхуужав буюу "okay" гэдгээ ч зөв бичиж чаддаггүй Зулаа бид хоёр шиг хүмүүс орно. Бид бол "монгол хэл англи хэлээс дорой" гэсэн шидтэний үгийг ёстой л хүйтэн ундаа шиг залиглаж, эцэсдээ "cool" харагдах гэж яваад хэл бичиггүйн хар нүхэнд унасан хүмүүс. Бидний "соёл" гэвэл Америкийн соёл. Харамсалтай нь бид Америкийнхаа соёлыг орчуулуулж байж л хагас дутуу ойлгодог. Орчуулдаг хүмүүс нь ч англи хэлдээ маруухан.

Хоёрт нь Англимаа буюу гадаадад удаан амьдарсан, эсвэл англи хэлээр олон жил ном үзсэн хүмүүс орно. Монгол хэлнээсээ хэт төсөөрсөн явдал нь тэдний гол зовлон ажээ. Тэд Shakespeare, Dickens, Tolkien-ийг уншиж чаддаг нь сайхан ч, монгол хэлээ сайн мэддэггүй нь харамсалтай. Залхуужавт бол Shakespeare байтугай Harry Potter-ийн 7 ном ч эрээн цоохор юм харагдана. Тэглээ гээд Залхуужав Нууц Товчоо, Инжаннаши, Ринчинг уншдаггүй, уншаад ч ойлгодоггүй. Залхуужав, Англимаа хоёр хоёулаа монгол хэлдээ тааруухан, тэрүүгээрээ адилхан. (Мэдээж Залхуужав, Англимаа хоёрын дундаас олон хүүхэд төрсөн бөгөөд тэд англи хэл, монгол хэл хоёулан дээр нь дунд авах ажээ.)

Англи үг хэрэглэхээс гадна "нөгөө нэг юу байдаг ш дээ..." гэх мэтээр үгээ олж ядан ярих бол Залхуужав, Англимаа хоёрын гол алдаа. Бид "буруу ярьж зөв ойлгодог" гэж өөрсдийгөө хоосон тайвшруулж, буруу хэл яриагаа хаацайлдаг. Бид зөв ойлгодог гэж үнэн үү? Би л лав зарим хүмүүсийн юу хэлээд байгааг ойлгодоггүй. Заримдаа өөрийнхөө ч юу хэлээд байгааг ойлгодоггүй. Би монгол хэлдээ муу гэдгээ мэднэ, надтай ярьж үзсэн хүмүүс бүгд мэднэ. Тиймээс ч "ганц би биш, миний үеийнхэн бүгд монгол хэлдээ муу" гэж хагас буруугаа та нарлуу чихиж байгаа минь энэ.

Монгол хэлээ хаяж англи хэлтэй явалдсанаар бид ямар том алдаа гаргаж байна аа! Энэ мэтээр дэлгүүр хэсэхийн оронд "шоопин"-доод, аялахын оронд "трайвлин" хийгээд байвал бидний дундаас ирээдүйн Инжаннаши, ирээдүйн Чойном төрөх болов уу? Инжаннаши, Нацагдорж, Чойном бүгд гадаад хэлтэй байсан боловч тэд монгол хэлээ хэзээ ч дорд үзэж байсангүй. Тэд монгол хэлдээ хайртай байж ээ. Тэдний шүлэг найргийн баатрууд хэзээ ч захиаг "сэнд"-лж, орой нь "парри"-даж, "би Монголоос ирсэн" гэдэг байсангүй. "Би Монгол хүн" гэдэг байжээ.

Саяхан Барак Обама Америкийн ерөнхийлөгч боллоо. Обаматай би тэр болгон санал нийлдэггүй ч индэр дээр гараад ярихад нь сэтгэл хөдлөж, түүнийг бишрэхгүй байж чаддаггүй. Тэр хэлсэн үгээрээ олон сая хүмүүст итгэл найдвар, эрч хүчийг өгч байна. Обама эх хэлээрээ биш, харин франц ч юм уу өөр ямар нэгэн хэлээр үг хэлдэг байсан бол Америкчууд түүнийг ерөнхийлөгчөө болгох байсан уу? Бид монголоороо энгийн өгүүлбэр хэлж чадахгүй гацаад байвал бидний хэн нь индэр дээр гарч сэцэн мэргэн үгээрээ Монголоо удирдан манлайлах юм бэ?

Сайн бичиж сурах бол сайн ярьж сурахаас ч илүү чухал байж болно. Сайн бичнэ гэдэг бол зөв цэгцтэй сэтгэнэ гэсэн үг. Санаагаа цаасан дээр буулгаж чадахгүй байх бол сайхан бүсгүйтэй яриа өдөж чадалгүй түүнийг холоос харж зогсохтой л адил. Сайхан бүсгүй ихэмсэг байдаг шиг бодол санаа чинь холоос бүдэг бадаг харагдаж байгаад яваад өгөхөөс биш чам дээр өөрөө гүйгээд ирэхгүй. Чи л тэднийг хэл яриа, үзэг бэхийн хүчээр өөрийн болгох учиртай. Бодол санаа цаасан дээр буусныхаа дараа л цэгцтэй, тодорхой болдог. (Мэдээж цаасан дээр буусан санаа болгон тодорхой биш.) Тиймээс ч бидний шүтээн болсон Америкийн их сургуулиуд оюутнуудаа бичиг үсэгт сургах гэж солиортол нь "эссэ" бичүүлдэг. Тэд англи хэлдээ ямар хайртай гэж бодно!

Харин бид монгол хэлээрээ хэр сайн бичдэг билээ? Бидний үеийнхний аманд үг олдож, өгүүлбэр эвлэхээ байсан гэлтэй. Олддог үг нь "OK" юм чинь монголоор бичиж яах юм, англиар бич гэж хар шидтэн хэлж магадгүй. Англи хэлтэй Англимаа англиараа бичлээ гэхэд Залхуужав яах болж байна? Нийт Монголчуудын хэл бичгийн соёлыг авч үзвэл бид англи хэлтэй цөөн хэдэн хүмүүсээ бодон монгол хэлээ мартаж болох уу?

Бид соёл боловсролын эрэлд гараад монгол хэлээ хэдэн англи үгээр сольчихоод ирсэн биш үү? Ажилд ороход хэрэг болох учираас "англи хэл, математик, компютер" чухал, харин "монгол хэл, уран зохиол" хэнд хэрэгтэй юм гэсэн ойлголт бидний дунд байна. Энэ бол дэндүү эндүү ойлголт. Хэл бичиггүйгээр хүн сэтгэж ч чадахгүй. Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, гүн ухаан, түүх, хууль, бизнес, тэр ч бүү хэл анагаах ухаан, биологи, хими, физик, математик ч хэл бичиггүйгээр явахгүй. Монгол хэлээ сайн эзэмших бол бидний эрдэм мэдлэгт хүрэх гол зам.

Хэл өөрчлөгдөн хувьсах бол жам ёсны хэрэг, монгол хэлэнд англи үг орж ирэх бол хэвийн үзэгдэл, санаа зовох зүйлгүй гэж зарим хүмүүс хэлнэ. Пийшин, гитар, автобус, машин, компютер гээд л гадаад хэлнээс бид олон үгийг зээлж авсан, ирээдүйд ч авна—үүнтэй би санал нэг байна. Гэхдээ "машин, компютер" бол "шоопин, трайвлин" биш. Оросуудаас "машин" гэдэг үгийг авахад бидэнд машин байсангүй. Харин монгол хэлэнд "гоё," "сайхан," "хөөрхөн" гэж байсаар байтал "beautiful," "nice" гэж хэлэх бол монгол хэлний нэр хүнд муу байгааг л илтгэнэ. Америк, Англичууд лав бидэн шиг гадаад үгийг хэрэглэдэггүй. Англи хэлэнд "sushi," "karaoke," "judo" гэж л байдаг болохоос биш "гоё," "сайхан" гэсэн энгийн санааг илэрхийлсэн япон үг байхгүй. Америкчууд эх хэлээ япон хэлнээс дорд үздэггүй болохоор арга ч үгүй биз.

Энэ өгүүллэгийг би англи хэл сурах гэсэн дүүгийнхээ урмыг хугалах гэж бичсэнгүй. Өнөө үед бид англи хэлийг сайн сурах хэрэгтэй гэвэл үнэн. Гэхдээ бид монгол хэлээ мартвал алт ухаж яваад шороонд даруулж тахир дутуу болсон хүнтэй адил төгсөнө гээд хэлчихвэл буруудахгүй байх. Монгол хэлээ англи хэлээс дорд үзэх бол хүн өөрт байгаа хязгаар үгүй авьяас билгийг бага багаар олж нээхийн оронд өөрийн биед үл итгэн, эцэсдээн бусдад атаархаж, бусдын аяар явахтай адил. Монголын суут найрагчдын хайраа өгсөн "чихний чимэг болсон монгол хэл"-ээ бид голж чамлах нь байтугай "аялгуу сайхан" үг үсгийг нь хэлэх заяатай төрсөндөө баярлаж явах учиртай.

Бичгийн их хүмүүн Ванчинбалын Инжаннаши хэлжээ: "Хэрвээ хэрэглэвээс үсэг юунай мохож болох аж. Тийнхүү өөрөө эс хичээгээд, далд нууц бөхтөм товчоот үсгүүдийг нэвтэрсэн үгүй бөгөөд монгол үгсээр ямар гүн, хол тусалт буй хэмээх нь далайн хөвөөнд биеэ угаагаад далайг гүехэн үзсэнээс юун өөр буй." Одоо бид далай мэт хэлнийхээ гүнрүү нь шумбаж орох хэрэгтэй. Тэндээс бид гайхамшигийг олно.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
13

Хамгийн "cool" хүүхдүүдэд хандаж хэлэх нь гэдэг гарчигтай. (=

Simple

Баярлалаа, Шувуухай. Гарчгаа өөрчлөх гэж бөөн юм боллоо. Энэ "Одоо" гэдэг дээр нь тавихгүй бол гарчиг нь солигддоггүй юм шиг байна тийм үү?

~Freedom writer~

Яанаа нээрээ би ч гэсэн иймэрхүү л ярьдаг хүн дээ...Бодмоор л асуудал.

Marielle

Чиний бичсэнтэй сто санал нийлжийнэ шүү.. жоохон урт болохоос гоё бичлэг болжээ хэхэ

tngri (зочин)

Аман дотроо хип хоп дуу шиг л үэлээд л уншчихлаа, үнэхээр сайн бичлэг, баярлалаа

Simple

Freedom: Хааяагүй ээ. Гэхдээ би "Hi" биш, дандаа "Сайн уу?" гэдгийг чи анзаардаг уу? хэхэ
Marielle: Уг нийтлэл нь ийм урт юм аа. Гэхдээ нуршсан юм огт байхгүй байгаа биз?
Tngri: Тэр рок'н ролл залууд баярламой. хэхэ

Little Kat (зочин)

аа энэ надад нэг удаа явуулж байсан нийтлэл байна ш дээ үнэхээр сайн болсон бас их сэнхрүүлэх зорилготой нийтлэл шүү тэ за за бүгдээрээ монгол хэлээ дээдэлж байх хэрэгтэй шүү

Арслантай авдар

Ээ дээ... Энэ шүү дээ гэж...

~Freedom writer~

Гэхдээ би бас дандаа САЙН УУ гэдгийг чи бас анзаардаг уу??? хихи

Simple

Little Kat: Аанхаан. Тэгэхэд чинь блог нээгээгүй байсан шиг санагдаж байна. Тэгээд л мессенжерээр тараагаад байсан байх.
Авдар ах: Харин яг энэ! хэхэ
Freedom: Анзаараагүй юм байна аа нээрээ. Хүн гэдэг, хүн гэдэг ч юу байх вэ, би харин ийм л анзааргагүй... :P

~~~Heartbreaker Vampire boy~~~

хэхэ
уул нь Ангилаар бичвэл гоё сонсогддог
гэхдээ Монгол хэлээ дээдлэх нь түмэн зөв
Симпли чи шүү хэхэ

dabuji (зочин)

нээрээ тийн....явуулаад бсн...мсснжр-р....хэхэх....ер нь бол таалагдсан....бс үнэн...

dabuji (зочин)

нээрээ тийн....явуулаад бсн...мсснжр-р....хэхэх....ер нь бол таалагдсан....бс үнэн...

Zeusy (зочин)

Зөв зөв. Энэ үгээрээ өөрийгөө бас буруушаав. Бичлэг чинь гоё болжээ. Урт ч гэсэн нуршаагүй. Санаагаа сайн гаргаж. Орчуулагдахгүй гадаад үгс ч яахав харин монгол үг байсаар байтал гадаад үг хэрэглэхээ болимоор юм.

Гий

ok ч гэдгиймуу hi ч байдгиймуу үгийг яаж за болон сайн уу болгох вэ??хэхэ баларсын нээрээ.Яалтайв дээ.Сайхан Монгол хэл минь байсаар байхад.Энэ 2 үгийг хэллээ гээд нэгэндээ гийгүүлэх юм байхгүй байхад даа.Бяд нээрээ глобалчлагдаагүй глобалчлагдах юм аа.Үгүй ээ одоо члагдаж яваагийн нэг илрэл юм болуу?Яашийн бол дөө.
Тэгэхдээ уул нь ч заавал ийм замаар яваагүй л юм шиг байна лээшт "бусад" нь?Яадгийн бол дөө.
Бид нар томрох аа сакрах өөрөөр cool дэх дуртайгаас үүдэлтэй бх дөө нээрэн ч
хэхэ

Simple

Цус Сорогч : Үнэндээ тэнд чинь сайхан зүйл байхгүй л санагддаг. Хүн хүний л "сонсох өнцгөөс" болдог юм уу даа...
Дабужи : Аанхаан
Batsy : Энэ миний бичсэн зүйл биш гэдгийг анзаараагүй юм аа даа?
Гий : Өөө одоо тэгээд "Ok, Hi! ч гайгүй байна аа" болсон шүү дээ. "17той boy...", " Өнөөдөр shopping хийгээд..." "Аймар sad байна аа..." гээд л явж өгнө дөөө... Гэснээс би бас ok ok л гээд байдаг юм байна.

Frank

Эх хэлээ юу юунаас ч илүү хайрлан, хүндэтгэж, суралцах хэрэгтэй. Энэ л бидний оршин амьдрах баталгаа мөнөөсөө мөн.

lhamaa (зочин)

oo dajgui bloh bljee andaa bijleguud chne eemar pilisophi shaardsasn lag ymaa ntr

zowson jargal (зочин)

chgi ymar dajgui boy we

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)